image

“Гялс төгрөг” Хадгаламж зээлийн хоршоо нь 20 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан ба 2019 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар нийт 15,821 гишүүнтэй, орон нутагт 17 аймаг, 27 суманд үйл ажиллагаагаа амжилттай эрхлэн, Монгол улсын банкны бус санхүүгийн зах зээлд тодорхой байр суурийг эзлээд байна.

          Бидний үндсэн үйл ажиллагаа бол мөнгөн хуримтлал бүхий гишүүдээсээ хадгаламж татан төвлөрүүлж, орон нутаг дахь гишүүддээ шуурхай зээлийн үйлчилгээ үзүүлэх юм. 2019 оны эцсээр нийт актив 33.3 тэрбум төгрөг, гишүүддээ олгосон нийт зээл  20.7 тэрбум төгрөг,  гишүүдийн нийт хадгаламж 24.5 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгийн хэмжээ 5.9 тэрбум төгрөгт хүрсэн амжилттай ажиллаж байна.

            “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК нь 2017,  2018 онуудад Санхүүгийн зохицуулах хорооноос тавигдах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланд  баталгаажуулалт хийснээр  гишүүддээ тухай бүр үнэн зөв, баталгаат санхүүгийн тайланг хүргэж ажиллаа.

            Бидний бусдаас ялгарах онцлог нь мэргэжлийн туршлага бүхий чадварлаг боловсон хүчин болон дэвшилтэт технологи, мэргэжлийн програм хангамжийг ашиглан үйл ажиллагаа эрхлэдэгт оршино.

            Хоршооны төв болон орон нутаг дахь салбарт ажиллах нийт боловсон хүчний 90-с дээш хувь нь арилжааны банкинд ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин юм.

            Хоршоо нь “Грейпсити Монгол” ХХК-с санхүүгийн иж бүрэн програмыг худалдан авч нэвтрүүлснээр орон нутаг дахь төлөөлөгчид онлайн сүлжээгээр санхүүгийн програм ашиглан үйл ажиллагаа явуулж байна.

            Бид тогтвортой үйл ажиллагаа эрхлэх, эрсдэлгүй зээлийн багц бүрдүүлэн удирдах зорилгоор хоршооноос олгох нэгж зээлийн дээд хэмжээг 10.0 сая төгрөг байхаар зээлийн бодлогодоо тусган мөрдлөг болгон ажиллаж байна.

          Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр  “Амьд донороос элэг шилжүүлэн суулгах, хавдрын оношлогооны лабораторийн үйл ажиллагааг дэмжих” төслийг санхүүжүүлэхэд зориулан хандивлахаар “Хавдар судлалын үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, “Улсын Клиникийн 2-р эмнэлэг” болон түүний харьяа байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан.  Гэрээний дагуу 2017 онд 24,2 сая төгрөг, 2018 онд 76,4 сая төгрөг, 2019 онд 22,7 сая төгрөгийн хандив олгож,  3 жилийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 123,3 сая төгрөгийн сургалтын хандив санхүүжилт олгож ажилласан байна. Тус хандивласан хөрөнгөөр нийт 38 эмч, сувилагчийг мэргэжил дээшлүүлэхээр Солонгос, Орос, Энэтхэг, Япон, Хятад, Турк улсуудад суралцуулаад байна.

            Хоршооны цаашдын үйл ажиллагааны зорилго нь орон нутагт банкны бус санхүүгийн зах зээлийг өрсөлдөөний зарчмаар хөгжүүлж,  одоо байгаа банкны бус зээлийн хүүг бууруулах,  гишүүдийнхээ богино хугацаат санхүүгийн хэрэгцээ шаардлагыг шуурхай, өртөг багатайгаар хангахад оршино.

           Бид гишүүддээ 12 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгон,  үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ орчин үеийн чиг хандлага, гишүүдийнхээ санал хүсэлтэд нийцүүлэн илүү таатай нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож ажиллаж байна. Тус зорилтын хүрээнд гишүүддээ орон зай, цаг хугацааг үл харгалзан зээлийн үйлчилгээг онлайнаар олгохоор гар утасны аппликэйшн нэвтрүүллээ.

           Бид 2016 онд СЗХ-с тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ ойрын 3 жилийн стратеги төлөвлөгөө гарган, амжилттай хэрэгжүүлсний үр дүнд орон нутаг дахь салбар төлөөлөгчийн газраа дараах аймаг, томоохон сумдад нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

           2017 онд аймгийн төвд Өвөрхангай, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Дархан, Сүхбаатар, Дундговь, Орхон, Увс, Говьсүмбэр, Завхан, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод салбар, Замын-үүд, Сэлэнгэ аймаг Мандал сумдад салбараа нээсэн.

         2018 онд Өвөрхангай аймаг Хархорин, Бат-Өлзий, Хэнтий аймаг Бор-өндөр, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймаг Онгон, Мөнххаан, Дундговь аймаг Эрдэнэдалай, Өмнөговь аймаг Гурван тэс, Цогтцэций, Дорноговь аймаг Даланжаргалан, Говьсүмбэр аймаг Шивээговь, Архангай аймаг Эрдэнэмандал зэрэг сумдад салбараа өргөжүүлсэн.

         2019 онд Сэлэнгэ аймаг Цагааннуур, Ерөө, Дархан-Уул аймаг Сайхан,  Шарын гол, Дорноговь аймаг Дэлгэрэх сумдад тус тус шинээр салбаруудаа нээж 2020 онд Завхан аймаг Тосонцэнгэл, Дорнод аймаг Баян-Уул, Цагаан-Овоо, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан, Увс аймаг Тэс, Зүүнговь, Хэнтий аймаг Батноров, Архангай аймаг Тариат сумдад тус тус өөрсдийн салбараа нээж, бид орон нутгийн банкны бус санхүүгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг зохистой түвшинд барьж ажиллахад тодорхой хувь нэмрээ оруулаад байна.

2019 онд Гялс Төгрөг хадгаламж зээлийн хоршоо Япон улсын Нэкстшифт Крауд, Белги улсын Алтерфин хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, нийт 464,000 ам.долларын хөрөнгийг гадаад санхүүгийн зах зээлээс амжилттай босгосон Монголын анхны Хадгаламж зээлийн хоршоо боллоо.